МОРИНГИЙН ДАВАА ОРЧМЫН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.АМАРСАЙХАН ТАНИЛЦЛАА

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник эдийн засгийн үндэслэл дээр суурилсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж 2018 онд батлагдсан. Уг суурьшлын бүсийг бий болгох төсөл нь 3 үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хэрэгжилтийн эхний ээлжийн 43.39 га талбайд манай компани инженерийн шугам сүлжээгээр хангах эх үүсвэрийг шийдэх, эх үүсвэрүүдээс инженерийн шугам сүлжээг уг суурьшлын бүсрүү татаж оруулах ажлын зураг төслийг боловсруулж байна.

Техник эдийн засгийн үндэслэл болон батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа шинэ суурьшлын бүсэд төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлэх мөн хөдөө аж ахуйн салбарт суурилсан бизнес хөгжүүлэх замаар жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлсэн байдаг. Ингэснээр шинэ суурьшлын бүсэд төвлөрөх 5000-10.000 өрх, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгон, Шувуу, 12 дугаар хороо, Биокомбинатын оршин суугчид төрийн, нийгмийн ихэнх үйлчилгээг төлөвлөсөн бүсээс хүртэх боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.

Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүс нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газрын “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрүүдтэй уялдан хэрэгжиж байгаа төсөл юм.