Өнөөдөр Луврын музей нээгдсэн өдөр

Луврын музейн түүхээс.  
            1793 оны 08-р сарын 10-ны өдөр буюу эзэрхэг хаант засгаа түлхэн унагасны /Францын хувьсгал/ нэг жилийн ойгоор Луврын музей хэмээх энэ алдартай музей нээгдэж байжээ. Уг музей нь 72,735 метр квадрат талбайд 38,000 орчим үзмэрийг дэлгэн тавьсан бөгөөд 2019 оны байдлаар жилд 9,6 сая хүн үзсэн. дэлхийн урлаг, соёлын асар том өв юм.       .
Музей байрлаж байгаа Луврын ордон нь 12-р зууны үед Филипп 2-р хааны үед Английн довтолгооноос хамгаалах цайзын зориулалтаар анх баригдсан бөгөөд энэ газарт өмнө нь ч барилга байсан байж болох юм. Магадгүй одоо байгаа цамхаг нь өмнө нь байсан барилгын хэсэг байсан байх гэсэн таамаг бий. Лувр гэдэг нэр нь “Чонын ой” гэсэн үгнээс гаралтай бөгөөд хаадын авын ордон байсан гэх боловч ийм нэртэй дээдсийн холбоо анх бариулсан гэж бас тайлбарлана.
Луврын ордон дундад зууны үед байнга өөрчлөгдөж байж. 14-р зуунд Чарльз 5-р уг ордонг орон сууц болгож байсан бол 1546 онд 1-р Фрэнсис барилгыг Францын сэргэн мандалтын хэв маягтай болгон засварласан. Энэ хаан л Луврын өв хөрөнгийн эхлэлийг бий болгосон бөгөөд үүнд Леонардо Да Винчийн Мона Лиза ч багтана. 1682 онд 14-р Луйс Версалийг хааны ордон болгосноос хойш сан хөмрөг нэмэгдэх нь багассан. Гэхдээ энэхүү байгууламж нь хааны ивээл дор урлагийн бүтээлүүдийг хадгалах, уран бүтээлчдийн урлан байсаар байсан. Жишээлбэл бүх цаг үеийн хамгийн алдартай дотоод засалчин Boulle-ийнхэн дөрвөн үеэрээ энэхүү ордонд хааны ивээл дор амьдарч, уран бүтээлээ туурвиж, ордны өнгө заслыг сайжруулж байсан байна. Энэ удмынхны хамгийн гайхалтай нь André-Charles Boulle (1642–1732) байсан бөгөөд түүнийг 14-р Луйс “Нарны хаан” хэмээн цоллосон бол агуу Jean-Baptiste Colbert (1619–1683) “дээд төвшинд хүрсэн гар урлаач” хэмээн магтаж байжээ. 1720 оны их түймрээс өмнө André-Charles Boulle нэр нөлөөгөө ашиглан Луврд үнэлж баршгүй олон бүтээлийг цуглуулсан, үүн дотор нь Raphael-ийн 48 зураг багтаж байжээ.        
18-р зуунаас эхлэн нийтийн галерей болгох санал улам нэмэгдэж, урлагийн шүүмжлэгч La Font de Saint-Yenne 1747 онд хааны цуглуулгыг нийтэд үзүүлэх уриалга гаргажээ. 1750 оны 10-р сарын 14-нд 15-р Луйс хаан зөвхөн Люксенбургийн Ордны хэсэгт хааны цуглуулгаас 96 зургийг дэлгэн үзүүлэхийг зөвшөөрөв /1780 онд хаагдах хүртэл/. Ингээд зөвхөн лхагва, бямба гаригуудад хэсэглэн үзүүлдэг болжээ. Эдгээр дотор Рафейл болон Рембрандтын бүтээлүүд багтаж байж.          
16-р зууны үед хааны музей өөрийн гэсэн бодлогтой болсон байна. 1776 онд Хааны галерейг “Францын музей” болгох газрын зураглал бүхий санаачлага гарч олон саналууд ирсэн боловч алийг ньч дэмжээгүй тул Францын хувьсгал хүртэл энэ санаа хэрэгжээгүй юм.          
Францын хувьсгалын үед Лувр улсын эзэмшилд оров. 1791 оны 05 сард үндэсний ассамблэйгээс Луврыг “бүх шинжлэх ухаан, урлагийн бүтээлүүдийг цуглуулах газар болгоно” гэж зарлав. 1792 оны 08-р сарын 10-нд 16-р Луйс хаан шоронд хоригдсоноор Лувр дахь хааны цуглуулга үндэсний өмч болов. Элдэв гэмт халдлага, хулгайгаас сэргийлэн 8-р сарын 19-нд Музейн бэлтгэл ажлыг яаралтай хэмээн тодотгож 10-р сард “үндэсний ой санамжийн хороо” цуглуулгуудыг нэгтгэж эхлэв. Ингээд 1793 оны 08-р сарын 10-нд анх нээгдэхдээ дөрөвний гурвыг нь хааны цуглуулгаас үлдсэнийг нь сүмийн өмч болон бусад зүйлсээс бүрдүүлсэн 537 зураг 184 бусад төрлийн урлагийн бүтээлийг дэлгэсэн байсан бөгөөд долоо хоногийн гурван өдөрт нь үнэ төлбөргүйгээр сонирхох боломжийг ард иргэддээ өгсөн байна. Мөн музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэхийн тулд Бүгд Найрамдах улсын сангаас жил бүр 100,000 лирийн төсөв гаргаж байхаар шийдвэрлэсэн байна.
1794 оноос Францын хувьсгалт зэвсэгт хүчин музейн сан хөмрөгт анхаарал хандуулан Ватикан болон Умард Европоос зарим нэг үзмэрүүдийг нэмж авчирсан байдаг. Энэ нь сүүлд 1797 онд байгуулагдсан Толентиногийн гэрээний хүрээнд хийгдсэн гэж үздэг.    
Бүтээлүүдийн байршлыг тогтоох, амьд байгаа уран бүтээлчдийн гомдол, орон зайн хүрэлцээгүйн улмаас музейг 1796 оны 5 сараас хааж 1871 оны 07-р сарын 14-нд нээхдээ бүтээлүүдийг он цагийн дарааллын дагуу байрлуулж, шинэ гэрэлтүүлэг, багануудтай болгон нээжээ. 
            Шинэ ордны барилгын ажил архитектор Лескогийн удирдлаган доор баригджээ. Их барилгын ажил завсарлагатайгаар 1857 он хүртэл хэдэн арван жил үргэлжилсэн юм. Архитектрч Лескогийн дараагаар Луврын барилгын үргэлжлэл дээр IҮ Генрихийн үед Б.Андруе дю Серсо, XIII Людовикийн үед Лемерсье, XIҮ Людовикийн үед Лево, Наполеонийн үед Персье болон Фонтен, хамгийн сүүлд III Наполеоны үед архитектор Висконти болон Лефюель нар ажиллажээ. Харин хожмоо 1981 онд Францын ерөнхийлөгч Франсуа Миттераны шийдвэрээр Луврыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн байна. Энэ үед музейн эртний хэсгүүдийг нь сэргээн засварлаж, Наполеоны ордны өмнө шинэ хуучин Луврыг холбосон алдарт шилэн пирамидийг барьсан бөгөөд пирамидын зохиогч нь хятад гаралтай америк архитектор Йох Минг Пи байсан байна.     
            Францын нийслэл Парис хотын төвд байрлах уг музей нь 72,735 метр квадрат талбайд 38,000 орчим үзмэрийг дэлгэн тавьсан бөгөөд 2019 оны байдлаар жилд 9,6 сая хүн үзсэнээр дэлхийн хамгийн их үзэгчтэй музйед тооцогддог байна. Музейн цуглуулга нь найман гол хэсэгт хуваагддаг. Үүнд: Египетийн эртний үзмэр, Дорно дахины эртний үзмэр, Грек, Этрускан, Ромын эртний үзмэр, Исламын урлаг, Уран баримал, Чимэглэлийн урлаг, Уран зураг, Хэвлэмэл эх болон зураг гэсэн хэсгүүд багтана.       
            Наполеоны байлдан дагуулалтын үед цуглуулга багагүй нэмэгдэж музейг нэг хэсэг “Мюсэ Наполеон” нэртэй болгосон боловч Наполеоныг нас барсны дараа түүний армийн хүчээр хураан авсан олон бүтээлүүдийг анхны эздэд нь буцааж өгчээ.